1. УРСОКАПС ГЭЖ ЯМАР ЭМ БОЛОХ, ТҮҮНИЙГ ЯМАР ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
Урсокапс бэлдмэлийн найрлагад урсодеоксихолийн хүчил хэмээх идэвхтэй үйлчлэгч бодис агуулагддаг. Энэ нь амьтны цөсөнд байдаг цөсний хүчлүүдийн нэг бөгөөд хүний цөсөнд ч бага хэмжээгээр илэрдэг.
Урсокапс бэлдмэлийг насанд хүрэгчдэд:
Цөсний хүүдийд үүссэн чулууг хайлуулах зорилгоор хэрэглэнэ. Чулуу нь ердийн рентген аппаратаар (рентгенограмм) харагддаггүй байх ба 15 мм-с томгүй хэмжээтэй байх ёстой. Мөн чулуутай байлаа ч цөсний хүүдийн үйл ажиллагаа алдагдаагүй байх ёстой;
Ходоод руу цөс байнга сөргөж ордгоос (цөсний сөргөө гэнэ) шалтгаалан үүссэн ходоодны (салст бүрхэвчийн) архаг үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ;
Элгэн доторх цөс дамжуулах сувгийн эмгэгшлийн улмаас элгэнд хуралдсан цөсийг гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ. Энэ нь элэгний эдийн сорвижилтыг үүсгэж болзошгүй. Элэгний үйл ажиллагааг хэвийн хадгалахын тулд элэгний эсийг гэмтээхгүй байх ёстой. Энэ шалтгааны улмаас үүссэн эмгэгийг цөс зогсонгишлын шалтгаант анхдагч элэгний хатуурал (АЭХ) гэж нэрлэдэг;
6-18 настай хүүхдэд тохиолдох элэгний уйланхайт сорвижилттой хавсран илэрдэг элэг-цөсний өвчний (муковисцидоз-гадаад шүүрлийн булчирхайнуудын төрөлхийн хэвийн бус ажиллагааны улмаас өтгөн зууралдсан шүүрэл ялгарч, булчирхайн гадагшлуулах сувагт саатал үүсгэдэг эмгэг) эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэв энэ бэлдмэлийг хэрэглээд сайжрахгүй эсвэл улам дордож байгаа шинж ажиглагдвал эмчлэгч эмчдээ хандана уу.
2. УРСОКАПС - Г ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ТА ЮУГ МЭДСЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ
Хэрэв дараах нөхцөл байдлуудын нэг илэрсэн бол энэ Урсокапс - г ууж болохгүй:
урсодеоксихолийн хүчилд эсвэл эмийн зааврын 6-р хэсэгт бичигдсэн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг буюу харшилтай бол;
цөсний чулуунд кальци хуримтлагдаж шохойжилт үүссэн бол;
цөсний суваг бөглөрсөн бол (цөсний ерөнхий суваг ба цөсний хүүдийн цорго чулуугаар таглагдсан);
цөсний хүүдийн агших чадвар алдагдсан бол;
цөсний хүүдий ба цөсний сувгийн цочмог үрэвсэлт өвчний үед;
хэвлийн дээд хэсэгт үе үе хүчтэй базалж өвддөг бол;
хэрэв Таны хүүхэд цөс дамжуулах сувгийн гаж хөгжилтэй (битүүрэлтэй) ба цөс ялгаруулалт багасах (цөсний сувгийн дутуу хөгжил) эмгэгтэй бол эдгээр эмгэгийг мэс заслаар эмчилсний дараа ч гэсэн энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Дээрх нөхцөл байдлуудын аль нэг бий бол, эсвэл ийм байдалд орж байсан түүх бий бол эмчдээ заавал мэдээлэх хэрэгтэй.
Онцгой анхааруулга ба сэрэмжлүүлэх арга хэмжээ
Урсокапс бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ болон эмийн жор баригчтай зөвлөлдөж байгаарай.
Эмчлэгч эмч тань, таны элэгний үйл ажиллагааг бэлдмэлийг хэрэглэсэн эхний 3 сарын хугацаанд 4 долоо хоног тутамд, цаашдаа 3 сар тутамд шалгаж үнэлж байх болно.
Цөсөн дэх чулууг уусгах зорилгоор хэрэглэж байгаа бол эмчилгээ эхэлснээс хойш 6-10 сарын дараа чулуунд кальци хуримтлагдаж байгаа эсэхийг эрт илрүүлэх зорилгоор шинжлэх болно.
Цөсний зогсонгишлын (анхдагч) шалтгаант элэгний хатуурлын эмчилгээний эхэн үед өвчтөний биеийн байдал муудах явдал ховор боловч тохиолддог. Хэрэв ийм байдал илэрвэл эмийн тунг өөрчлөхийн тулд эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэх суулгалт илэрвэл эмчдээ нэн даруй хэлээрэй. Таны эмийн тунг бууруулах эсвэл хэрэглээг зогсоох ч шаардлага гарч магадгүй.
Хүүхдэд хэрэглэх
Энэ эмийг хэрэглэхэд наснаас хамаарсан хязгаарлалт байдаггүй ч 47 кг хүртэл жинтэй эсвэл капсултай бэлдмэлийг залгиж ууж чадахгүй өвчтөнд энэ бэлдмэлийг хэрэглэхгүй.
Өндөр (65-с дээш) настанд хэрэглэх
Өндөр настанд хэрэглэх талаар хийгдсэн туршилт судалгаа үгүй. Мэдэгдэж байгаа өгөгдлөөс харахад өндөр наслалттай холбоотойгоор эмийн хэрэглээг хязгаарлах шаардлагатай болсон ямар нэг тохиолдол ажиглагдаагүй.
Туслах бодисын талаарх мэдээлэл
Урсокапс бэлдмэлийн найрлагад ордог жаргах нарны шар өнгөтэй Е 110 будагч бодис нь харшлын урвалыг өдөөж болзошгүй.
Урсокапс ба бусад эмийн бэлдмэлүүд
Хэрэв та ямар нэг эм бэлдмэл хэрэглэж байгаа эсвэл саяхан хэрэглэж байсан бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мөн эмийн санчид мэдээлээрэй.
Урсокапс бэлдмэлийг хамт хэрэглэх үед дараах эмийн үйлдлийн хүч сулрах болно:
Холестирамин, холестипол (цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг эм) эсвэл антацидууд (ходоодны хүчлийг багасгадаг эм), хөнгөн цагааны гидроксид эсвэл смектит (хөнгөн цагааны оксид) агуулсан бэлдмэл. Хэрэв эдгээр эмүүдийг хамт хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол Урсокапс эмийг уухын өмнө ба хойно 2 цагийн зайтай хэрэглэх ёстой;
Ципрофлоксацин ба дапсон (антибиотикууд), нитрендипин (даралт буруулах) эмүүд. Эмч танд эдгээр эмүүдийн тунг тохируулж өгөх болно.
Урсокапс дараах эмүүдийн үр нөлөөг өөрчилж болзошгүй:
Циклоспорин (дархлаа дарангуйлагч эм). Хэрэв Та циклоспорин эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол эмч таны цусан дахь циклоспорины хэмжээг шинжилж тухай бүр тунг тохируулах шаардлага гардаг;
- Розувастатин (цусан дахь холестерины хэмжээ ихэссэнтэй холбоотой эмгэгт хэрэглэдэг).
Урсокапс эмийг холестерины чулууг хайлуулах зорилгоор хэрэглэх гэж буй хүн хэрэв эстроген-агуулсан (дааврын) бэлдмэл эсвэл клофибрат гэх мэт холестерин бууруулах бэлдмэл байнга хэрэглэдэг бол эмчдээ заавал мэдээлээрэй. Эдгээр эмүүд цөсөн чулуу үүсэлтийг дэмжих үйлдэл үзүүлдэг тул урсодеоксихолийн хүчлийн эмчилгээний үр нөлөөг бууруулдаг.
Ер нь ямар нэг (түүний дотор жоргүй олгогддог) эмийг хамт хэрэглэхээр бол эмчдээ заавал мэдээлээрэй. Эмч тухайн нөхцөлд тэдгээр эмнээс алийг нь, ямар тунгаар хэрхэн хэрэглэвэл. Танд илүү тустай болохыг тогтоож өгөх болно.
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ. Хүний нөхөн үржихүйд нөлөөлөх эсэх
Хэрэв та жирэмсэн буюу жирэмсэлсэн байх магадлалтай эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эсвэл хөхүүл эх бол эмчлэгч эмчдээ заавал хэлж зөвлөлдөөрэй.
Жирэмслэлт
Жирэмсэн эхэд урсодеоксихолийн хүчил хэрэглэсэн тухай баримт мэдээлэл одоогоор байхгүй. Тиймээс эмчлэгч эмч тань зайлшгүй шаардлагатай гэж хэлээгүй л бол энэ эмийг бүү хэрэглэ.
Хэрэв эмэгтэй Та нөхөн үржихүйн насанд байгаа бол жирэмсэн бус байсан ч энэ бэлдмэлийг хэрэглэх хугацаандаа жирэмслэлтээс найдвартай хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй. Гэхдээ хэрэв Та цөсний чулуугаа хайлуулах зорилгоор энэ эмийг хэрэглэх бол жирэмслэлтээс сэргийлэх дааврын бус аргыг зөвхөн хэрэглэх ёстой. Учир нь ууж хэрэглэдэг, жирэмслэлтээс сэргийлэх дааврын бэлдмэлүүд цөсөнд чулуу үүсэлтийг нэмэгдүүлдэг.
Урсокапс бэлдмэлийг ууж эхлэхийн өмнө дээрх насны эмэгтэйчүүд эмчид үзүүлж жирэмслээгүй гэдгээ баталгаажуулсан байх ёстой.
Хөхүүл эх
Хэрэв Та хүүхдээ хөхүүлдэг эсвэл хөхөөрөө хооллох бол энэ эмийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Урсодеоксихолийн хүчлийг хөхүүл эхэд хэрэглэсэн талаар нийтлэгдсэн цөөн тооны баримтаас харахад энэ эм эхийн сүүнд маш бага хэмжээтэй тодорхойлогдож байсан бөгөөд хөхүүл хүүхдэд ямар нэг гаж нөлөө илрээгүй байна.
Хүний нөхөн үржихүйд нөлөөлөх эсэх
Энэ эмийг хэрэглэсний дараа хүний нөхөн үржихүйд нөлөө үзүүлдэг эсэх талаар одоогоор ямар нэг мэдээлэл гараагүй.
Жолоо барих зэрэг машин механизмтай харьцаж ажиллах
Урсодеоксихолийн хүчил нь жолоо барих зэрэг машин механизмтай харьцаж ажиллах чадварт нөлөө бараг үзүүлэхгүй.
3. УРСОКАПС БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ТАЛААР
Энэ бэлдмэлийг эмчлэгч эмч болон жор баригчийн зөвлөсний дагуу ууж хэрэглээрэй. Энэ талаар ямар нэг эргэлзээ төрвөл эмч болон жор баригчтайгаа ярьж зөвлөлдөнө үү.
Санал болгож буй тун
Цөсний чулуу хайлуулах зорилгоор хэрэглэх бол
Хоногт хэрэглэх тунг хүний нэг кг жин тутамд 10 мг урсодеоксихолийн хүчил ононгдохоор бодож тунг тохируулна. Үүнд:
60 кг хүртэл 500 мг (2 капсул)
61–80 кг 750 мг (3 капсул)
81–100 кг 1 000 мг (4 капсул)
100 кг-с дээш 1250 мг (5 капсул)
Капсултай бэлдмэлийг өдөрт 1 удаа орой унтахын өмнө ууж хэрэглэнэ.
Эмчилгээг үргэлжлүүлэх нийт хугацааг эмчлэгч эмч тогтооно. Чулууг бүрэн хайлуулахын тулд эмийг дунджаар 6-24 сар хэрэглэх ёстой. Хэрэв бэлдмэлийг 12 сар хэрэглэсний дараа чулууны хэмжээ багасахгүй бол эмийг үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагагүй. Эмийг хэрэглэх явцад 6 сар тутамд тандалт шинжилгээ хийж эмчилгээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ.
Цөсний сөргөөнөөс шалтгаалсан ходоодны үрэвслийг эмчлэх үед
Нэг капсул (250 мг) бэлдмэлийг өдөрт 1удаа орой унтахын өмнө ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг ихэнх тохиолдолд 10-14 хоног хэрэглэхэд хангалттай байдаг. Хэд хоног хэрэглэхийг тухай бүрт эмчлэгч эмч тань шийдэх болно.
Цөс зогсонгишлын шалтгаант элэгний хатуурлын (шинж тэмдгийн) эмчилгээнд
Хоногт хэрэглэх тунг жингээс хамааран тогтоох ба 750 мг (3 капсул) -аас 1750 мг (7 капсул) хүртэл хэмжээтэй байж болно.
Эмчилгээний эхний 3 сарын хугацаанд хоногт хэрэглэх тунг 3 хувааж, өдөрт 3 удаа (өглөө, өдөр, орой) уулгана. Элэгний үйл ажиллагааны шинжилгээний үзүүлэлтүүд сайжирсны дараа бэлдмэлийн хоногт хэрэглэх бүх тунг зөвхөн орой унтахад нь уулгаж болно.
4. УРСОКАПС БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ
Хүүхдийн нүдэнд өртөхөөргүй, гар хүрэхээргүй газарт тавьж хадгал.
Чийг ба нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан орчинд, ердийн (15 - 25°С) температурт хадгал.
Эмийн бэлдмэлийн хайрцаг дээр бичигдсэн, хадгалалтын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэж болохгүй. Хадгалалтын хүчинтэй хугацаа нь тухайн заагдсан сарын сүүлийн өдрөөр тасалбар болдог.
Хэрэглэгдээгүй үлдсэн бэлдмэлийг бохирын төвлөрсөн шугам болон ахуйн хог руу хаяж болохгүй. Түүнийг хэрхэн хаяж устгах талаар эмийн сангийн ажилтнаас заавар аваарай. Ингэснээр Та хүрээлэн буй орчноо хамгаалахад туслах болно.
6. САВЛАЛТЫН АГУУЛАМЖ БА НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Урсокапс бэлдмэлийн найрлагад
Идэвхтэй үйлчлэгч бодис: урсодеоксихолийн хүчил – 250 мг
Туслах бодис: лецитин (Солек В-10), зөгийн шар лав, наран цэцгийн тос.
Капсулын бүрхүүлийн найрлага: желатин, глицерин, метилпарагидроксибензоат Е 218, цэвэршүүлсэн ус, жаргаж буй нарны өнгөт шар будагч бодис Е 110, титаны диоксид Е 171.
Харагдах байдал ба савлалтын агууламж
Цайвар бор өнгөтэй, зууван хэлбэртэй, шургуулж угсарсан, тунгалаг бус зөөлөн желатин бүрхүүл бүхий капсул.
ПВХ ба гялгар бүрхүүл бүхий хөнгөн цагаан эдээр хийгдсэн үүрэн саванд 10 ширхэгээр багцлан бэхэлсэн. Хатуу цаасан хайрцагт 5 ширхэг үүрэн бэхэлгээтэй бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт хийж битүүмжилсэн.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч ба үйлдвэрлэгчийн нэр хаяг
«Минскинтеркапс» хамтарсан үйлдвэр, Беларусь улс, 220075,
Минск хот, Инженерийн гудамж. 26-р байр.
Харилцах утас/факс: +375 17 276–01–59
Цахим шуудан: info@mic.by
Энэ бэлдмэлийн талаар ямар нэг мэдээлэл өгөх, санал гомдол гаргах бол бүртгэлийн гэрчилгээг эзэмшигчтэй холбоо барина уу.
Эмийн зааврыг хянан баталгаажуулсан
Мэдээллийн бусад суваг
Энэ бэлдмэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
«Эрүүлийг хамгаалахын магадлан итгэмжлэл ба туршилт- судалгааны төв»-ийн албан ёсны www.rceth.by. сайтад тавьсан болно.
Баркод:4810046003066

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой